Швайни: Зидан яагаад Матерацциг мөргөснийг ойлголоо...

Байерн болон Интерийн тоглолтын дараа Бастиан Швайнштайгер: "Зидан яагаад Матерацциг мөргөснийг сая л ойлголоо. Тэр талбай дээр тоглоогүй ч талайн гаднаас хүнд байж боломгүй авирыг гаргаж байлаа"
"Тухайн үед Зиданыг юу мэдэрч байсныг би сая мэдрэх шиг боллоо. Матерацци хувцас солих өрөөнөөс эхлээ л хүн болгон руу орилж, харааж, байж боломгүй авир гаргасан. Миний бодлоор түүнийг хувцас солих өрөөнөөс гарахад нь л улаан хуудас өгөөд цэнгэлдэхээс хөөх ёстой байсан юм" гэж хэлжээ.
Интер Милан шөвгийн 8-д шалгарахдаа нэгэн ховор амжилтыг үзүүлжээ. "Нераззури"-чууд Аваргуудын лигийн хасагдах шатанд эхний тоглолтдоо талбай дээрээ хожигдоод дараагийн шатанд шалгарсан амжилтыг 15 жилийн дараа үзүүлжээ.
Интерийн ерөнхийлөгч Массимо Моратти дасгалжуулагч Леонардод маш их баярлаж байгаагаа сэтгэл хөдлөнгүй ярьжээ. Моратти: "Би түүнд 10-аас 10 оноо өгнө. Энэ тоглолт бол зүгээр ч нэг тоглолт биш маш том сэтгэлзүйн тулаан болсон. Леонардо өнөөдөр гайхалтай байлаа"
"Өнөөдөр тоглодог баг бол зөвхөн нэг зорилгын төлөө нэгдсэн баг байлаа. Үүнийг л жинхэнэ баг гэж нэрлэнэ. Нөхцөл байдал тун хэцүү болсон нөхцөлд тэд улам илүү нягтарч бие биенээ ойлгож байлаа. Манай баг бүхэл тоглолтыг удирдаж, хянаж байсан мэт тоглолтыг үзүүлсэн. Бид хөгжөөн дэмжигчдэдээ тун сайхан ялалтыг бэлэглэлээ" гэж хэлжээ.
Интерийн дасгалжуулагч Леонардо: "Энэ бол түүхэн ялалт байлаа. Энэ тоглолт өнөөгийн Интерийн юу хийж чадахыг харуулсан тоглолт болж чадлаа" гэж өгүүлжээ.
Эхний тоглолтод алдаа гаргаж, сүүлийн минутад гоол алдан багаа хөөдөж байсан Хулио Сезар хоёр дахь тоглолтод ч мөн адил алдаа гаргаж эхний гоолыг алдсан. Харин тэрээр энэ тухай "Гомесын гоол бол цэвэр миний алдаанаас болж орсон. Би тэр үед цэнгэлдэхээс гараад гүймээр, тоглолтоос зугтмаар байсан ч багийн нөхдийнхөө ачаар өөрийн тоглолтоо харуулж чадсан"
"Би Пандевыг гоол оруулах мөчид уйлж эхэлсэн. Хэрвээ манай баг миний алдаанаас болж хожигдсон бол дэндүү харамсалтай зүйл болох байлаа. Би багийн нөхдийнхөө хөдөлмөрийг үгүй хийх байлаа. Ийм учраас багийн нөхөд болон бурханд баярлаж байна" гэж ярьжээ.
Эхний тоглолтдоо хожигдсоны дараа өнгөрсөн жилийн аваргуудыг тэмцээнээс мултарсан багуудын тоонд оруулж байсан боловч Италийн аваргуудын өөрсдийн юу хийж чадахаа харуулсаар Аваргуудын лигийн дараагийн шатанд шалгарлаа.
Д.Батцэнгэл “CSPORTS TEAM”